Вена хотноо амьдран суугаа залуу уран бүтээлч гэр бүлийг танилцуулж байна. Зураач Зулцэцэг нь энэ сарын 15-нд Tage Des Offenen Ateliers 2016 нэртэй үзэсгэлэнд бүтээлүүдээ дэлгэсэн юм.

Сайн байцгаана уу?
Юуны өмнө авдар клубынхэндээ баярлалаа мөн танай клубын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе.

Намайг Наранцогтын Зулцэцэг гэдэг. Би нөхөр, охиныхоо хамт амьдардаг. Нөхрийг маань Бат-Эрдэнийн Очирсүрэн гэдэг тэр маань уран барималч мэргэжилтэй. Нөхөр бид хоёр 10 жилээ хамтдаа төгсөөд 2010 онд Дүрслэх Урлагийн Их Сургуульд суралцахаар нөхөр маань уран баримлын ангид би монументали чимэглэх урлагийн ангид элсэн орсон. Бид хоёр 2014 онд сургуулиа төгсөөд мэргэжил дээшлүүлэхээр Австри улсын Вена хотыг зорьсон юм. Венад ирээд удаагүй байхдаа хамгийн гайхалтай бэлэг болох бяцхан охиноо өлгийдөн авсан. Охин минь одоо 5 сартай.

Анх охиноо тэврэх тэр мэдрэмж..

Анх охиныг минь тэврүүлэхэд зүүдлээд ч байгаа юм шиг нэг тийм итгэмээргүй сайхан мэдрэмж төрсөн шүү. Нөхөр маань охиноо хараад гараас минь атгаад нулимс дуслуулж байсан нь одоо ч нүдэнд харагддаг юм. Хүний нутагт байгаа болоод ч тэр үү охиноо төрүүлэх үед гэр бүлийнхнийгээ маш их санасан. Ээжийнхээ хоолойг сонсоод л шууд уйлчихдаг байлаа.

Австрит жирэмсний эмнэлгийн хяналт ямар байсан бэ?

Эмнэлэг, эмчийн хяналт нь их сайн нарийн үздэг юм билээ. Жирэмсний эхний саруудад ойр ойрхон шинжилгээ өгч, ургийн болон эхийн биеийн байдлыг нарийн анхаардаг. Бид хоёр оюутан болохоор оюутны даатгалд хамрагддаг юм. Үзлэг, эмчилгээ, төрөх хангамж нь бүгд даатгалдаа орно. Төрснийхөө дараа эмнэлэгт 4 хоносон. Эмнэлгээс гарах хүртэлх эх, хүүхдийн хангамжийг бүгдийг цаанаас нь өгдөг (нярайн хувцас, живх, салфетки, даавуу г.м). Бас дөнгөж төрсөн эхчүүд маань маш сайн гам барих хэрэгтэй санагдсан шүү.

 
2016-10-17-220644
 

Одоо охиноо эмчийн үзлэгт үзүүлдэг үү, вакцин хийдэг үү? Австрит энэ талаар ямар байдаг бол?

Эмнэлгээс гараад хүүхдийн эмч дээр тусдаа цаг авч вакцин болоод үзлэг шинжилгээгээ хийлгэдэг. Сар болгон хүүхдээ үзлэгт оруулах ёстой. Надад хамгийн хэцүү санагдсан зүйл бол энд эмч нар хэр баргийн зүйлийг тоодоггүй. Охины минь гэдэс дүүрээд орой унтахгүй байна, шарлалт нь ихсээд байна гээд эмч дээр очихоор бүх хүүхдүүд тэгдэг, бүх хүүхдүүд уйлдаг гэх зэргээр ойр зуурын зөвлөгөө өгөөд л гаргадаг. Манайд (Монголд) бол эм бичих юм уу эмчлэх арга зааж өгдөг гэсэн. Заримдаа эмээ, ээж рүүгээ ярьж зөвлөгөө авна даа. Надад хамгийн их тус болсон арга бол монгол домын аргууд. Үнэхээр үр дүнтэй санагддаг. Би бараг бүгдийг нь туршиж үзсэн байх аа.

Охиндоо нэрийг нь хэрхэн өгсөн бэ?

Охиндоо Марал гэдэг нэрийг аав нь өгсөн. Их олон хүнээс нэр ирсэн болохоор эргэлзээд их хэцүү юм билээ. Охин минь 7 хоног бөмбүүлээ, улаанаа нэртэй явсан. Нөхөр маань өдөр болгон нэр бичээд унтаж байхад нь хараал хэвтчихдэг байснаа гэнэт л нэг өдөр Марал гэдэг нэр бодогдоод салахгүй юм гээд л өгчихсөн.

 

 

Гэрийнхнээсээ хол хүний нутагт хүүхдээ төрүүлэхэд та хоёрт ямар байв, хэцүү үе байсан уу, яаж даван туулж байна вэ?

Хүний нутаг юм хойно хэцүү үеүд байлгүй л яах вэ. Яг төрөх үед бага зэрэг хэлний бэрхшээлээс болоод эмч нарын хэлсэн зүйлийг ойлгохгүй үе байсан. Гэхдээ хань минь болон найзууд маань хажууд байсан болохоор бүх зүйлийг даваад гарсан. Бид өөрсдийгөө маш азтай гэж боддог юм. Олон сайхан хүмүүстэй танилцаж нөхөрлөсөн учраас найзууд маань ээлжилж ирээд л охиныг минь харж, хоол цай хийж өгнө шүү дээ. Үнэндээ гадаадад байгаа зарим монголчууд монголчуудаасаа зайгаа бариад хол бай гэдэг л юм.

 

Гэхдээ миний хувьд харин ч нэгнийгээ зовох цагт монголчууд маань бие биеэндээ хань болж тусалж, дэмжиж чаддаг үнэхээр сэтгэл сайтай хүмүүс гэж бодогддог шүү.

 

Та хоёр хоёулаа уран бүтээлч хүмүүс. Австрит амьдрах болсноор та хоёрын уран бүтээлд ямар өөрчлөлт гарч байна вэ?

Мэдээж бага ч гэсэн өөрчлөгдөж байгаа болов уу. Залуу уран бүтээлчдийн хувьд үдэж байгаа өдөр хоног бүрээсээ суралцаад л явж байна. Ирээд нэг их удаагүй болохоор цаашдаа улам их зүйл сурна гэдэгтээ маш их итгэлтэй байгаа шүү. Ирснийхээ дараахан эндхийн галерейтэй танилцах зуураа бүтээлүүдээрээ хавтас бэлдээд галерейд тавих гэж хэд хэдэн газраар орж үзсэн. Монголд бол зураач нарын зургийг холиод тавьчихдаг. Харин энд бол ихэнх галерей том жижиг гэлтгүй гишүүнчлэлтэй. Нэг жанраар зурдаг 3 – 4 зураач тухайн галерейтээгээ гэрээ байгуулаад зургаа тавиулчихдаг юм билээ. Хэрвээ өөр зураач бүтээлээ тавихыг хүсвэл тухайн танхимыг заавал түрээслэж бүтээлээ тавих шаардлагатай болдог.

 

 

Эцэг эх болоход уран бүтээлд нь өөрчлөлт гарч байна уу?

Өнөөдрөөрөө амьдардаг байсан бид хоёрт ирээдүй рүү харах том хариуцлага ирсэн дээ. Өмнө нь их цаг завтай байснаа анзаардаггүй өөрсдийгөө их л завгүй гэж боддог байж. Одоо бол төдийлөн хүссэн үедээ зурж чадахгүй ч энд тэнд явж байхдаа нүдээрээ этюд хийнэ гэдэг шиг дотроо байнга зохиомжоо зурж төсөөлөөд явдаг.

 

Өдрийн цагаар охин минь унтах нь ховор тул оройн цагаар нөхөр баримлаа хийгээд, би зургаа зурдаг. Хамт бүтээл хийхээр нэг нэгэндээ хөглөгдөөд их сайхан байдаг.

 

 
Саяхан болсон үзэсгэлэнгийнхээ талаар танилцуулаач. Ямар бүтээлүүд, хэдий хэрийн хугацаанд бүтээсэн бүтээлүүд байгаа вэ?

3 сарын өмнө надад хамтарсан үзэсгэлэнд оролцох санал ирсэн юм. Санал тавьсан галерейн захирал өмнө нь Монгол орноор аялж байсан мөн аялсан газруудынхаа зургаар жижиг товхимол хүртэл хийчихсэн, ахиж заавал Монголд очино гэж ярихад нь надад их сайхан санагдсан шүү. Хамтарсан үзэсгэлэнд надаас гадна 5 уран бүтээлч өөр өөр төрлөөр оролцож байгаа. Найзыгаа зурсан “Нар” нэртэй бүтээлийг маань их онцолсон байсан. Миний хувьд эргэн тойрон бол тэр чигтээ зохиомж. Энд ирээд хийсэн арваад ажил дээрээ нэмж зураад хорь гаруй жижиг ажлууд өгсөн. Дээрээс нь “Миний урлан”-ийн найзууд маань зурсан зургаар минь пост карт, номын хавчуурга хэвлэж өгсөн. Монголд байгаа найзууддаа маш их баярлалаа.

 

Би оюутан байхаасаа л дэвтэр их ашигладаг байлаа. Орчин тойронд байгаа бүх л зүйлсийг зохиомжиндоо оруулж яг л миний өдрийн тэмдэглэл шиг дэвтэр дээрээ дүрсэлдэг байсан.

 

 

Нийтэлсэн: Dasha Lulu




Энэхүү нийтлэлийг зөвхөн редакцын зөвшөөрөлтэйгээр хувийн блог болон вэб хуудсан дээр дахин нийтлэн ашиглаж болохыг анхаарна уу!