Сүүлийн үед сайн ээж гэдэг нь утсаа бага ширтдэг ээжийг хэлнэ гэсэн шинэ тодорхойлолтыг өөрөө өөртөө гаргаад байна. Үнэндээ хийж буй зүйлдээ сайн төвлөрөн өндөр бүтээмжтэй байж чаддаг бүх хүмүүст энэ тодорхойлолт тохирох байх.

Аль хэдийн зуршил болчихсон зүйлээ засна гэдэг үргэлж амар байдаггүй. Харин Forest апп бидэнд утастай зууралдах зуршлаас салахад тус болно. Үнээс гадна таныг утсаа оролдоогүйн төлөө дэлхий хаа нэг газар таны өмнөөс жинхэнэ мод тарьж өгөх юм.

 

 

15 минутаас 120 минут хооронд өөрийн хүссэн хугацаагаар тохируулан утсаа орхих юм. Таны сонгосон хугацаанаас хамааран жижиг ургамал эсвэл нэг модыг энэ апп тарина, хэрвээ та энэ хугацаанда утсаа оролдож апп-аас гараагүй тохиолдолд танд зоос өгнө. Ингэж апп дотроо мод тарин 2500 зоос цуглуулсны эцэст тэдгээр зооснуудаа ашиглан жинхэнэ мод тарих боломжтой болох юм.

Мөн нэг хөгжилтэй зүйл гэвэл та утсаа харах бүрт танд “Намайг тайван орхи” “ Ажлаа хий” “Надруу битгий хар” гэх мэтээр танд сануулга өгнө.

Хэрвээ богино хугацаан дээр тохируулан дасгал, бясалгал эсвэл йога хийх гэж байгаа бол байгалийн чимээ тавьчихаж болно. Заримдаа 15 минут дээр тохируулаад борооны шаагих чимээг сонсонгоо дээшээ хараад хэвтэхэд сайхан амарсан болдог.

Би ихэвчлэн 60 минут дээр тохируулан тавьдаг. Оройн хоол хийх хооронд утсаа оролдохын оронд уншиж буй номоо 2-3 хуудас явуулчихна. Хүүхэдтэйгээ нэг ч удаа утсаа оролдохгүй ном унших, хамт тоглох, зүгээр л эрхлэлдээд суухад Ээжид гэмших сэтгэл төрөхгүй харин хүүхэд хүртэх ёстой бүх анхаарлаа хүртсэн болохоор хэн хэнийх нь сэтгэл амар амгалан байна.

 

 

Харин орой унтахаасаа өмнө 120 минут дээр тохируулаад тэр чигээрээ утсаа оролдолгүй унтдаг болохыг нилээн хичээж байгаа ч тэр бүр чадахгүй л байна. Унтахын өмнө мэдээ уншихгүй байх, тэр тусмаа сөрөг утга агуулгатай мэдээг гарчиглахгүй байх, сошиалуудаар хэсэхгүй байх нь илүү хурдан нойрсож сайн амрахад тустай байдаг.

Энэ мэтчилэн утсаа оролдоогүй хором бүрээ өөрийнхөө профайл дээр бүртгэн ангилж сар бүр амьдралынхаа аль салбарт илүү бүтээмжтэй байгаагаа харж дүгнэлт хийх боломжтой юм.

Та нар ч бас туршаад үзээрэй.

 

Нийтэлсэн: Dooree





Энэхүү нийтлэлийг зөвхөн редакцын зөвшөөрөлтэйгээр хувийн блог болон вэб хуудсан дээр дахин нийтлэн ашиглаж болохыг анхаарна уу!