Дахин нэг жил юу юугүй дуусах нь. Энэ нийтлэлээ би толгойд нь олон ажил эргэлдэж, төлөвлөж, хүсч, мөрөөдөж байгаа хирнээ тэр бүр амжуулж чадахгүй байгаа уншигчиддаа зориулъя.

Хөлд орчихсон, эсвэл сургууль цэцэрлэгийн босго давж буй, бүр магадгүй анхны дипломоо өвөртлөөд ирэх хүүгээ та хараад “цаг хугацаа харвасан сум шиг өнгөрөх юмаа”- гэж та нэг бус удаа найздаа хэлж байсан бизээ. Хүн бүрт ижил хэмжээтэйгээр заягддаг цагийг зөв ашиглаж сурах тун ч амаргүй ажил юм. Мөн хүн бүр цаг хугацаанд хандах хандлага өөр өөр байдаг аж. Зарим хүмүүсийн хувьд нисэн одож байхад, зарим нь хийх зүйлээ амжуулж цаг хугацаатай их сайхан харилцаатай байх юм. Сүүлийн хэдэн сард би өглөө эрт сэрэх, гэртээ дасгал хийх, ном уншихдаа илүү цаг гаргах гээд өөрийнхөө хувь хүний хөгжил дээр анхааран хэд хэдэн зүйлийг өөрчлөн сайжруулахыг хүссэн ч хэрэгжүүлж амжихгүй, жаахан бухимдангуй байсаар оныг үдэх дөхөв. Гэтэл саяхан яагаад бодсон санасан зүйлсээ хэрэгжүүлж чадахгүй байгаа хамгийн гол шалтгааныг олох шиг боллоо. Миний энэ бяцхан зөвлөгөө олон хүмүүсийг цагтай дотно нөхөрлөхөд туслана гэж найдаж байна.

4 Зорилгын зарчим

Ээж би хүүхдээ хардаг гол ажилтай ч, үүнийхээ хажуугаар Авдар Клубээ хөтлөнө, шинэ тоглоомны загвар гаргах, жаахан ч гэсэн дасгал хийх, хумс хуруугаа янзлуулах, гэр орны ажил гээд л дуусашгүй их жижиг том ажлуудыг амжуулах хэрэгтэй болдог. Гэтэл заримдаа энэ олон зүйлээс хүүхэд харахаас бусдаар юуг ч амжуулагүй өдрүүд зөндөө тохиолдоно.
Тэгэхээр хамгийн түрүүнд бүхнийг амжуулах боломжгүй гэдэгтэй эвлэрэх хэрэгтэй. Хүн нэг удаадаа 4 зорилго дээр л анхааран ажиллах чадвартай байдаг. (магадгүй 5,6 зорилго тавиад өдөрт бүгдийг амжуулдаг хүн байхыг үгүйсгэхгүй)

Хэрвээ тухайн өдөр та ямар ч зорилго тавиагүй бол таны цаг 3 сувгаар урсан алга болно. Үүнд:

1. Таны санааг зовоож буй зүйлүүд (жишээ нь бөөгнөрсөн индүүдэх хувцас, угаагаагүй шал, аяга таваг, нуруу хөл өвдөх гэх мэт таагүй зүйлс)

2. Танд таашаалыг мэдрүүлдэг зүйлс (жишээ нь сайхан ганц аяга кофе уух, ганц инстаграмаа/фэйсбүкээ шалгах, найз руугаа залгах гэх мэт зүйлс)

3. Бусад хүмүүсийн гуйлт, шаардсан ажлууд (биднийг олоход дэндүү амархан болсон хорвоо юмдаа, фэйсбүк дээр нэрний хажууд ногоон бөөрөнхий байхад л болно…)

Тиймээс хэн нэгнээс ирсэн мэссэж, комментийг нээж харахаасаа өмнө таны хувьд яг одоо юу хамгийн чухал гэдэгийг санаарай.

Ээжийн нэг өдөр

Яалтачгүй би толгойдоо баахан ажил бодчихсон өглөөг эхэлдэг. Орой нь гэхэд энийг ч амжуулсангүй тэрийг ч амжсангүй гээд сэтгэлээр унаж гутарсан ээж болдог байв. Гэрт аз жаргалтай ээж хамгийн их хэрэгтэй учраас өдөрт дөрөвхөн л зорилго тавин түүнийгээ биелүүлэхдээ хамаг анхаарлаа төвлөрүүлье.

Тэхээр унтахаасаа өмнө эсвэл өглөө босоод тэр 4 зорилгоо цаасан дээр эсвэл утсан дээрээ тэмдэглэсэн байхыг зөвлөж байна.
Жишээ болгоод өөрийнхөө нэг өдрийн зорилгыг бичээд үлдээеэ.

1. Өглөөг өөртөө. Гэр бүлийнхээ гишүүдээс түрүүлэн босоод өдрийг тайван эхлүүлэн, 10 хуудас ном унших.

2. Чанартай 1 цагийг хүүдээ. Нэг ч утас шагайлгүйгээр, жинхнээсээ хамтдаа тоглох эсвэл ямар нэг гар урлал хийх, ном уншихад л зарцуулах.

3. Авдар клубдээ нэг нийтлэл бэлтгэх

4. Шинэ жилд авах бэлэгний жагсаалт гаргаж эхлэх

Ингээд л болоо, маргааш дахиад 4 зорилго. Эхний зорилгыг зуршил болготол тавиад, дараа нь шинэ зүйл нэмнээ. Та нартаа амжилт хүсэе.

 

Нийтлэл & зураг: Dasha Lulu





Энэхүү нийтлэлийг зөвхөн редакцын зөвшөөрөлтэйгээр хувийн блог болон вэб хуудсан дээр дахин нийтлэн ашиглаж болохыг анхаарна уу!