Олон ээжүүдийн гэртээ суух үедээ шаналдаг нэг асуудал нь “би хоцрогдож байна даа” гэсэн айдас байдаг шиг санагддаг юм. Тиймдээ ч авдар клубд олон ээжүүд гэртээ сууж байхдаа хэрхэн өөрийгөө хөгжүүлэх вэ, тэр дундаа хэл хэрхэн хурдан сурах вэ гэсэн асуулт олонтаа ирж байсан билээ. Шинэ оны анхны нийтлэлээрээ та бүхэндээ хэлийг тэр дундаа англи хэлийг сурахад Монголчуудад үүсэж буй асуудлын талаар, мөн хэрхэн зөв арга барилаар сурах талаар англи хэлний багш, орчуулагч Д.Хэрлэнтэй  хийсэн ярилцлагаа товчлон хүргэж байна.  
 
Англи сурахын юу нь хэцүү байдаг гэж боддог вэ?

Манай улсад бий болсон нийгмийн өөрчлөлтийн үр дүнд орос хэлний багш нар англи хэл заах болсон. Энэ нь оросын англи хэл заах арга зүйг Монголчуудад шууд хэрэгжүүлэх шалтгаан болсон. Өөрөөр хэлбэл өгүүлбэрийн бүтэц төстэй хэлтэй суралцагсдад төдийлөн өгүүлбэрийн бүтэц тайлбарлах нэмэлт шаардлага гарахгүй учраас орос суралцагсдад шууд дүрэм тайлбарлаж эхэлдэг. Сургалтын энэ зарчим нь өгүүлбэрийн бүтэц ялгаатай монгол суралцагсдын хувьд тохирохгүй бөгөөд өгүүлбэр дэх үгсийн зөв байрлалыг эхнээс нь сайтар ойлгож, хэвшүүлээгүй оюутан шантрах, бүр залхах хүртэл тохиолдол гардаг. Үүнээс л англи хэлийг хэцүү гэсэн ойлголт нийт иргэдийн дунд үүссэн гэж боддог.

Зөв арга барилаар сурч эхлэхдээ юуг анхаарах шаардлагатай вэ?

Аливаа гадаад хэлийг сурахын тулд эн тэргүүнд эх хэл болон суралцах гадаад хэлний хоорондын өгүүлбэрийн бүтцийн ялгааг сайтар ойлгох хэрэгтэй. Жишээ нь:
Монгол өгүүлбэр: Би өнөөдөр аавын Булганаас авчирсан шинэ айргийг ажил дээрээ авчирсан.
Англи өгүүлбэрийн байрлал: Би авчирсан шинэ айргийг аав авчирсан –аас Булган дээрээ ажил өнөөдөр.

Ийм ялгаатай бүтэцтэй байдаг 2 хэлний ялгааг анхнаас нь сайтар судалж ойлгож чадвал сурч буй хэлийг өөрийн болгох нь цаг хугацааны л асуудал болдог.

Хүн бүр англи хэлийг адил аргаар сурч чаддаггүй шүү дээ. Зарим хүмүүс дуу сонс, кино үз гэдэг бол зарим нь харин ном уншихыг санал болгодог. Та энэ талаар юу гэж боддог вэ?

Хүүхдэд өгүүлбэрийн бүтэц, үйл үгийн цаг гэх мэтийг тайлбарлаж ойлгуулалгүйгээр эхний үед шууд өгүүлбэр, хэллэг цээжлүүлж, хэрэглүүлэн зааж сургах нь үр дүнтэй байдаг бол насанд хүрсэн хүмүүс учрыг нь таньж ойлгохгүйгээр суралцана гэж үгүй учраас өгүүлбэр дэх үгнүүдийн байрлалыг таниулах нь асар их ач холбогдолтой байдаг. Тиймээс яг тийм ийм арга гэхээсээ тухайн хүний нас болон хувийн онцлог мөн чухал ач холбогдолтой. 

Таны хэлснээр орос аргазүйгээр англи хэлийг заалгасан хүмүүс юун дээр илүү алддаг вэ? Энэ нь юутай холбоотой гэж боддог вэ?

Аливаа өгүүлбэр, бичвэрийг уншиж байхдаа мэддэг эсвэл толиноос харж мэдсэн үгсээ хооронд ‘хүчээр’ холбож ‘ингээд л байгаа юм шиг байна’ гэсэн ойлголтыг авдаг. Энэ нь тухайн өгүүлбэр дэх үг бүрийн утга илэрхийлэх байрлал, мөн үг бүрийг ялангуяа холбоос үгнүүдийг таньж ойлгоогүйтэй холбоотой.

Англи хэл сурах хамгийн өгөөжтэй арга таны бодлоор юу вэ?

Гадаад хэл суралцаж буй хүн тухайн хэлний бичвэр, кино зэргийг уншиж, үзэх үедээ үйл явдалд нь хөтлөгдөхөөс илүүтэй үг, өгүүлбэр хэрхэн бүтэж байна, үгийн олон салаа утга энэ тохиолдолд ийм утгаар орж байна гэх зэргээр суралцаж унших, үзэх хэрэгтэй. Жишээ нь, ‘Цагаан соёот’ зохиолыг англи хэл дээр уншиж байгаа хүн уг нохойнд тохиолдож буй зовлон бэрхшээл гэх мэт зохиолын үйл явдлыг хөөж уншихаас илүүтэй өгүүлбэрийн бүтэц, тодорхой утга санааг илэрхийлэх хэлц зэргийг таньж өгүүлбэрээ задалж унших нь илүү өгөөжтэй болно.

 

Нийтэлсэн: Уянга




Энэхүү нийтлэлийг зөвхөн редакцын зөвшөөрөлтэйгээр хувийн блог болон вэб хуудсан дээр дахин нийтлэн ашиглаж болохыг анхаарна уу!