Хүйтэн өвлийг арай хийн давсан бие организм маань хавар болоход ихэд ядарсан байдаг.Тэгсэн хэдий ч дулаарахын хажуугаар сэтгэл санаа сэргээд сайхан болдог доо. Тэгвэл би танд найз нөхдөө гэртээ урин энэхүү халуун дотно яриа өрнүүлэнгээ энэхүү энгийн хирнээ амттай бас шим тэжээлтэй пирогыг хийгээд үзээрэй гэж зөвлье.

Орц

Гурилан суурийг бэлтгэхэд:

200 гр гурил (бүхэл үрийн гурил ашиглахыг зөвлөж байна)
100 гр масло
чимх давс
1 хоолны халбага элсэн чихэр
120 мл хүйтэн ус (хөлдөөгчинд 20 мин байлгасан, энэнээс бага ч ус орж мэднэ)

Алимны нухшанд:

30 мл ус
2 ш алим (хальслаад жижиглэн хэрчинэ)
2 хоолны халбага элсэн чихэр
1 цайны халбага синамон
3 ш алим (нимгэн зүсч бэлдэнэ)
30 гр масло

 

 

Хийх арга

Гурил, масло, давс болон элсэн чихрээ хольж гараараа үрнэ (бантангийн гурил бэлтгэхдээ адил). Бүх материалууд хоорондоо жигд нийлсний дараа бага багаар усаа нэмнэ. Бэлэн болсон болсон гурилаа бөөрөнхийлөөд хөргөгчинд 20 минут байлгаарай.

Алимны нухаш бэлтгэх

Жижиглэж хэрчсэн алимаа саванд хийн дээрээс нь 30 мл усаа нэмээд зөөлөн гал дээр 15 мин буцалгана. Үүний дараагаар блэндэрээр нухаж нухаш болгоно. Халуун нухаш дээрээ 30 гр масло нэмээрэй. Бэлэн нухашыг хөргөнө.

Зуухаа 200 хэмд тохируулан халаана

Зуурсан гурилаа нимгэн элдэж пирогны хэвэндээ тавина ( миний хэв 26см диаметртэй). Хэвний эрмэгнээс илүү гарах гурилыг хутгаар эвтэйхэн хэрчээрэй. Дэвссэн гурилны ёроолоо сэрээгээр хэд хэд хатгана. Хөрсөн алимны нухашаа гурилан дээрээ жигд асгана. Эцэст нь нимгэн хэрчсэн алимаа тойруулан өрнө.

Зууханд 25 минут байлгана. Миний зуух жижиг болохоор арай илүү хугацаа шаардсан.

Бэлэн болсон пирогоо жаахан хөргөсний дараа ургамлын гаралтай цайтай идэхэд маш гоё байна.

P.S Амин дэм ихээр дутагддаг энэ улиралд ээжийн хийсэн халуун пай жаахан ч гэсэн гэр бүл үр хүүхдүүдэд маань витамин бэлэглэнэ гэж найдаж байна. Дараагийн удаа хийхдээ нухашиндаа хэдэн ширхэг хушга жижиглэж нэмээд, харин элсэн чихэрийг огт хийхгүйгээр туршинаа.

 

Нийтлэл & зураг: Dasha Lulu





Энэхүү нийтлэлийг зөвхөн редакцын зөвшөөрөлтэйгээр хувийн блог болон вэб хуудсан дээр дахин нийтлэн ашиглаж болохыг анхаарна уу!