ЭЭЖ буландаа энэ удаа нэгэн онцгой нийтлэл оруулж байна. Ээжүүдийг урин ярилцлага авдаг бол энэ удаа нэгэн блоггер ээж хүүтэйгээ хэрхэн өдрийг өнгөрүүлдэг талаар хуваалцаж байна. Ихэнхидээ гэртээ суудаг ээжүүдийн өдөр хоног өөр хоорондоо ямар нэг зүйлээрээ адилхан байдаг, гэхдээ ээж бүрт өөрийн гэсэн онцгой арга барил, ямар нэгэн сонирхолтой лайфхак мөн сайхан мөчүүдээр дүүрэн билээ. Ээжүүд бид бусад ээжүүдтэй энэ талаараа хуваалцахдаа их дуртай байдаг шүү дээ. Ингээд Халиун Зандар хоёрын нэг өдөр хэрхэн яаж өнгөрдөгийг сонирхоё.

Миний бие гэртээ хүүгээ харсаар 3 жил болжээ. Албаны ажил 9:00 цагт эхлээд 18:00 цагт дуусдаг бол аав ээжийн ажил 24 цаг. Олон хар бор ажил хийж байсан ч хэр баргийн ажил намайг шөнийн 3 жинд сэрээж үүр цайтал учраа олохгүй суулгаж, хаврын тэнгэр шиг ааштай бяцхан хүнд тэвчээр зааж, уур хайр хоёрыг зэрэг хүргэж байгаагүй мэт. Энэ 3 жилийн хугацаанд хүүгээ өсөж торинохыг харж, гэрийн ажил, өдөр тутмын нэгэн хэвийн амьдралаас залхсан уу гэвэл тийм ээ! Гэхдээ бас үгүй ээ! Шинэ БИ шинэ ЭЭЖ болоод хүүхдээ уншиж сурах гэж нэг хэсэг болно. Ээжийн нүдээр бүгдийг харна, бүх зүйл хүүхдээс хамааралтай болж унтлагын цагаас өгсүүлээд шинэ амьдралын хэмнэлтэй болно. Гадаад дотоод олон хүчин зүйлээс болж уналтад орно бас гарна. Бүгдийг амжуулж болгож байгаа бусад ээжүүдийг өөртэйгөө харьцуулж өөрийгөө чамлах үе гээд л яг таны мэдэрч байгааг би ч гэсэн их багагүй мэдрээд явж байгаа бас нэгэн ээж.

Энэ бүгдийг хамт туулж яваа ээжүүдээ сэтгэлээр дэмжиж эрч хүч өгөх зорилгоор Avdar Cub – ийн ээжтэй хамтарч энэхүү нийтлэлээ хүргэж байгаадаа баяртай байна. 

“Шэнжлэх ухаан Эверест уулыг, тэр ч байтугай сарыг ч устгаж чадна. Харин хүнийг сайхан сэтгэлтэй болоход өчүүхэн ч нэмэргүй. Эндээс л урлагийн үүрэг эхэлдэг юм аа” – В.А. Слоухин хэлсэн байдаг. Миний хувьд эндээс л ээж аавын үүрэг эхэлдэг юм аа. Гэрийн суурь хүмүүжил сайтай хүн хаана ч алзахгүй. Саран дээр ч алзахгүй.

Миний хүү бид хоёрын өдөр тутмын хийдэг зүйлийг буулгаж дурсамж болгон авч үлдэхийг давхар зорилоо. Ингээд ээж миний хүүтэйгээ өнгөрүүлдэг нэг өдөр.

Зандар 3 нас 1 сартай Америк улсын Орегон мужид амьдардаг. 

Миний хүү өглөөний эртэч шувуухай, би шөнийн шар шувуу. Хүү маань намайг сэрээдэг гэхэд ичмээр боловч үнэн хэхэ. Зандар өглөө 6:30 аас 7:15-ийн хооронд сэрж өрөөнөөсөө өөрийнхөө хөнжил гурван зөөлөн тоглоомоо чирсээр ээж аавынхаа унтлагын өрөөнд орж ирж миний хажуугаар сэмээрхэн хэвтэнэ. Би хүүгээ нэг сайхан үнэрлэж аваад нойроо харамлаад эргээд сэрүүн шахуу унтдаг. Зандар эхлээд томоотой хөөрхөн хэвтэж байснаа ээжийнхээ нүүрээр оролдоод хуруугаа миний хамрын нүх, амруу хийж, нүдний зовхи дээш нь татаж миний хариу үйлдэл болгонд ход ход хийтэл инээдэг. Би өөрийн эрхгүй бас инээгээд л гижигдээд л сэрнэ дээ.  Өглөөний Зандар хамгийн сайхан ааштай. Ээж нь нойрмоглоод орондоо байж байхад Зандар ээжийнхээ гэрийн хувцасыг газраас авч ээждээ өмсүүлж туслана. Хүүхдүүд бид нар яаж тэдэнд тусалдаг шиг томчуудад туслах их дуртай байдаг. Тэгээд хамгийн түрүүнд хөшгөө онгойлгоод нэг дуугаар GOOD MORNING SUNSHINE! GOOD MORNING CLOUD! GOOD MORNING TREE! тэр өглөө тэнгэрт шувуу нисэж таарвал GOOD MORNING ШУВУУ! гэж хэлээд хөтлөлцөөд эсвэл хөөцөлдөөд гал тогооны өрөө рүү явна.

Би аяга ус ууна Зандар алимны шүүс эсвэл сүү ууна. Өдөр болгон нэг хариулт авдаг ч би өглөө болгон “Миний хүү өглөө өглөөний цайнд юу идэх вэ?” гэж асууж Зандар дандаа “Овьёос идье” гэж хариулдаг. Шанагатай ус гал дээр тавиад би өөрийнхөө цайны усыг бас буцалгана. Дүрдэг хар цай чихэргүй бага зэрэг сүү хийж уугаад би жинхнээсээ сэрдэг дээ. Ус халж байх хооронд би оройны угааасан хатсан аяга тавагнуудаа шүүгээнд хийнэ. Харин Зандар халбага сэрээгээ хариуцна. Овьёосоо буцалгаж болгоод үзэм, хатаасан аньс, ямар нэгэн төрлийн самар жоохоон бор элсэн чихэр, сүү хийж аягалаад хоёулаа ширээний ард сууж цонхоор мод, шувуу, машин харж буу халангаа өглөөний цайгаа дуусгана. Мэдээж ширээ болон Зандарын сууж байсан ширээний доод тал бохир. Тэрийг цэвэрлээд гал тогоогоо цэвэрлээд орнуудаа хураагаад угаасан хувцас хатсан бол хамт эвхээд Зандар хажууд чадахаараа л туслаад бас нураагаад явна. Хамгийн сүүлд хүүгийнхээ шөнө босгож шээлгэсэн коршонкийг цэвэрлэдэг. Ингэсээр байтал 9 цаг. 
 

 

Би хүүдээ Daniel Tiger гэдэг хүүхэлдэйн кино зурагт дээр тааруулаад нүдний шил, зүүн нүдэндээ наадаг наалтыг нь зүүлгэж өгөөд усанд орхоор явна. Хүмүүжлийн хүүхэлдэйн кино болхоор Зандарт 30 минут үзэхийг зөвшөөрдөг юм. Би уснаас гарч ирхэд хүүхэлдэйн кино нь ч яг дуусч таардаг. Зурагтаа өөрөөр нь унтраалгахгүй бол уурлана уйлна.

Шуудангийн хайрцагаа шалгах нэрийдлээр бид хоёр өглөөний агаарт гардаг. За тэгээд гарахдаа бэлдэнэ дээ. Унтлагын хувцсаа тайлаад гадаа гардаг хувцсаа өмсөх гэж үглэнэ, уурлана, хөөцөлдөнө бид хоёр. Өөрөөр нь өмд цамцыг нь өмсүүлж сургах гэж хамаг цаг тэвчээр бардаг ажил. Шуудангийн хайрцагруу явахдаа бид хоёр цементнээс зүлэгрүү замын хоёр талруу хөтлөлцөөд орилолдоод гүйдэг. Цемент нь галт уулын хайлмаг юм хэхэ. Шуудангаа шалгаад захиа ирсэн байвал гэрийнхээ үүдэнд үлдээгээд дугуй юм уу скутерээ аваад байрныхаа комплексийг тойрно. Зүгээр тойрохгүй ээ хавь ойрын юмнууд асууна, хүн зөрвөл Зандар заавал мэндэлнэ, хүмүүс хариу мэндлэхгүй бол гомдолтой араас нь хараад амандаа юм бувтнана. Муур, нохой тааралдвал гараа эхлээд үнэртүүлж байгаад илнэ, томчуудтай яриа өднө. Сэтгэл нь хөөрөх үед гацаад хэл ам нь эвлэхгүй ээ. Нүдний шилтэй жижигхэн хүн сонин хачинаа яриад гацаад байхаар хүмүүс ихэвчилэн миний хүүг өхөөрддөг. Ингэсээр гэртээ орж ирхэд цаг аль хэдийн 11 өнгөрсөн байна. Хүүдээ хөнгөн ихэвчилэн жимс идүүлдэг. Өдрийн хоол болтол тоглоомуудаараа тоглоод өөрийгөө аргалдаг.

 

 

Даваа, Лхавга, Баасан гарагуудад 12:00-1:30 болтол Зандар номын сангийн хүүхэд хардаг газар 90 минут асрагчид болон найзуудтайгаа тоглодог. Би тэр хооронд номын санд сууж блог дээрээ жоохон ажиллана. Энэ өдрүүдэд бол гэрээсээ 11:45 гэж гараад 14:00 цагтай уралдаад л өлсөж цангасан хүмүүс гэртээ ирнэ.

Гэртээ орж ирээд алим гадил жимс ямар нэгэн хөнгөн зүйл идүүлнэ. Тэгээд би өдрийн хоолоо бэлдэнэ. Өдрийн хоолонд ихэвчилэн өчигдөр оройны хоолны үлдэгдэл тэгээд хажуугаар нь шинэхэн ногоо болгож өгдөг.

Ээж нь тэр өдөр нүүрээ аятайхан будаж үсээ янзалсан бол бид хоёр утас тогтоодог хөлөө аваад Instagram – д оруулах зураг авхаар гарна. Тийм өдрүүд цөөхөн ч камерний цаана хөгжилтэй юм их болдог.

 

 

Мягмар, Пүрэв гарагуудад  гэртээ зураг будах, цаас нугалах, юм хаачилж амьтан хийх гэх мэт үйл ажиллагаагаар цаг иднэ.

 

 

Өдрийн хоолоо идээд ширээгээ цэвэрлээд аяга тавагаа угаагаад заримдаа угаахгүй ээ. Ядарсан өдөр бол төвөг. Энэ үед цаг 3 өнгөрч байдаг. Зандар өглөө хэдэн цагт сэрсэн хэр их ядарснаас шалтгаалж заримдаа өдөр унтана ихэвчилэн унтадгүй. Унтуулж байгаад юм хийнэ гээд төлөвлөсөн байх үед Зандар унтахгүй байхаар би их уурлаж стрессдэж байгаагаа анзаарсан. Өдөр унтуулах гэж 10-20 минут оролдоод унтвал сайн унтахгүй бол ч бид хоёр 30-60 минутын хувийн цаг авдаг. Тэрийг Quite Time буюу Чимээгүй Байх Цаг гэж нэрлэнэ. Зандар өрөөндөө номоо уншина уу, унтана уу, тоглоомоороо тоглоно уу өөрийн дур. Би тэр хооронд аяга кофе уунгаа сайхан чимээгүй сууж утсаа ухна, эсвэл ном сэтгүүл эргүүлдэг. Нөхрийн маань ажил 3 өнгөрөөд дуусдаг ч өглөө эрт босдог болхоор өдөр ирээд жоохон дуг хийдэг.

 

 

3 цагаас хойш өдөр нүд эрмэхийн зуур өнгөрдөг юм шиг ээ. Оройн хоолоо дасгалдаа явхаас өмнө бэлдэж эхэлдэг. Би Даваа – аас Пүрэв гарагуудад 18:00-19:30-ийн хүртэл заал явж дасгал хийдэг. Тэр хооронд Зандар аавтайгаа цагийг өнгөрөөнө.

Даваа гарагийн орой Зандар аавтайгаа усан бассейнд сэлдэг. Бусад өдрүүдэд заримдаа манай хоёр оройн хоолоо хийнэ, заримдаа хүнсээ цуглуулна, заримдаа тоглоомын талбай орно.

Гэртээ ирээд гэр бүлээрээ хоолны ширээнийн ард сууж өдөр хийсэн юмнуудаа ярилцаж албаар нэгнээсээ асуулт асууж ялан гуяа Зандараас өнөөдөр юу юу хийснийг, юу нь илүү ой тойнд нь тод үлдсэнийг мэдэх гэж асуудаг. Бас ээждээ тоглоомоо хурааж эсвэл хоол хийхэд тусалсан бол тэрийг нь тодотгож ямар мундаг байсныг аавд нь яг шагнал өгч байгаа юм шиг бахархасан өнгө аясаар хэлдэг. Үймүүлж муу байсан бол тэрийг дурьдадгүй. Манай гэр бүл нилээн дээрээс “Bad boy” буюу “Муу хүүхэд” гэдэг үгийг үгийн сангаасаа хассан. Оройн хоолоо идээд унтуулах үйл ажиллагаа хоолойны өнгөнөөс эхэлдэг. Аль болох нам дуугаар хоорондоо ярьж Зандарыг хөөргөж тоглуулахгүй шүд, нүүр гарыг нь угаалгаад унтлагын хувцсаа өмсөөд унших номыг өөрөөр нь сонгуулж номын урт богиноос шалтгаалж 2-оос 5 ширхэг ном уншдаг. Зандар ааваараа ном уншуулах илүү дуртай. Би аялагатай зарим үгийг нь буруу дуудаад байдаг юм. Бас яг аав шиг нь дүрдээ сайн ордоггүй юм шиг байгаа юмаа. 

 

 

Уншлагын цаг дууссан бол ээждээ тэврүүлээд цонхоор харж Good night moon! Good night house! Good night tree! Good night kitchen! гэх мэтчилэн хэлж болох бүх зүйлд сайхан амраарай гэж хэлээд аав ээждээ үнсүүлээд орондоо 20:00-20:30 ийн хооронд орно.  Ихэвчилэн тэгээд шууд унтдаг. Зарим өдөр унтахгүй гэж янз бүрээр оролдож өрөөнөөсөө гарч шээмээр байна, үгүй бол өлсөөд байна, үгүй бол айгаад байна гэх ямар нэг шалтгаантай гарч ирнэ. Аль болох нам дуугаар аргадаад оронд нь оруулдаг. Би нөхөртэйгөө өдрийн сонин сайхнаасаа хуваалцангаа хамт аяга таваг гэр орноо цэвэрлэнэ. 23 цагийн үед нөхрийн маань толгой дэрэнд хүрлээ тас. Атаархмаар шүү тийм хүмүүс. Би нүүр гараа угааж тослоод, утас, компютер, ном сэтгүүл гэсээр байгаад шөнийн 1 цаг өнгөрөөж орондоо орж унтах гэж нилээн хөрвөөж байж унтдаг. Үүрээр босч хүүгээ шээлгэнэ. Ээж хүү хоёрын нэг өдөр нэг иймэрхүү! Олон ч сайндаж муудна даа тэр хооронд хэхэ.

Уншигч таныг Халиуны хөтөлдөг mindofamongol блогоор зочлон олон сонирхолтой бичвэрүүдийг уншаарай хэмээн урьж байна. Би хувьдаа түүний хүүгээ төрүүлсэн түүх бас усанд орохдоо усаа хэмнэдэг тухай хөгжилтэй бичвэрүүдэд их дуртай. Мөн хүү бид хоёрын өдөр яаж өнгөрдөг тухай уншиж сонирхоорой.

 

Нийтлэл: Dasha Lulu





Энэхүү нийтлэлийг зөвхөн редакцын зөвшөөрөлтэйгээр хувийн блог болон вэб хуудсан дээр дахин нийтлэн ашиглаж болохыг анхаарна уу!